Дэлхийд хосгүй дэлгэрсайхан Монгол эх орны дөрвөн зүг найман зовхист таран суурьшсан элэг нэгт Монгол түмэндээ
Гурван бүсийн үзэсгэлэнт Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын баатарлаг ард иргэдийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум нь 1923 онд анх байгуулагдсан Монгол Улсын болон Баянхонгор аймгийн ууган сумдын нэг бөгөөд өнөөдөр 100 жилийнхээ ололт, амжилт түүхийг бичиж байна. Баян-Өндөр сум нь 1966 онд Монгол улсад бүх ажлаараа 1-р байранд орж Сайд нарын Зөвлөлийн 1-р зэргийн диплом, 50000 төгрөг "Улсын тэргүүний сум" цолоор шагнагдсан бөгөөд түүхэн хугацаанд олон арван Хөдөлмөрийн сайчууд, эрдэмтэн мэргэд төрүүлэн гаргасан байдаг. Социалист бүтээн байгуулалтын он жилүүдэд бүх ажлаараа улсад 1-3-р байрыг тогтмол эзлэн ЗИЛ-130 машинаар 3 удаа, ГАЗ-53 машинаар 2 удаа, ЮМЗ трактороор 3 удаа шагнагдаж байсан байна. Баян-Өндөр сумынханы хөдөлмөрийн гавъяаг үнэлж нэг ангийн 3 хөдөлмөрийн баатар төрсөн байдаг.
Зах зээлийн эдийн засгийн нийгэмд сумын эдийн засгийн гол үндэс нь мал аж ахуйн салбар. Өнөөдөр Баян-Өндөр суманд "Эдрэнгийн цагаан үүлдэр"-ийн ноолуур, махны чиглэлийн цагаан ямаа, "Эдрэнгийн хос зогдорт бор" омгийн тэмээн сүргийг голлон өсгөн үржүүлж байна.
2023 онд Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэхээр бодлого зорилтоо тодорхойлон ажиллаж байна. Эх орны өнцөг булан бүрт суугаа Баян-Өндөр сумтай гарал үүсэл, сэтгэл зүрхээрээ холбоотой бүх хүмүүсийг хамтран ажиллахыг хүсэхийн хамт та бүхэнд аз жаргал эрүүл энхийг хүсье.
ХҮНДЭТГЭСЭН
БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ЗАСАГ ДАРГА Б. ИДЭРМӨНХ
2022-10-17 16:10:03