МЭНДЧИЛГЭЭ

  Сайхан Монгол орныхоо эзэн болж тархан суурьшсан Монгол түмэндээ болон олон жилийн түүхийн шаргал хуудсанд Жонон вангийн хошуугаар овоглож ирсэн нийт ард иргэд, нутгийн ахан дүүс та бүхэндээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас цахим хуудсаар учран золгож байгаа сайхан өдрийн мэндийг хүргэн мэндчилье. Монгол Улсын Их Хурал 1992 онд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг батлан гаргаснаар орон нутагт үйл ажиллагаа явуулж байсан Ардын хурлын Тэргүүлэгчид, Ардын Хурлын гүйцэтгэх захиргаа уг хуулийн дагуу хурлын зохион байгуулалтад шилжин Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллага байгуулагдан эдүгээ 30 жил болсон байна.
    Тухайн хугацаанд сумын Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, түүнийг хэрэгжүүлэх төсөв
санхүү болон бусад баримт бичгийг хэлэлцэн батлаж, хэрэгжилтэд хяналт тавин, нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлж, иргэдийн санал хүсэлтийг бодлогын
баримт бичигт тусган, сум орон нутгийг хөгжүүлэх бодлого, шийдвэр боловсруулан ажиллаж байна.
    Нутгийн өөрөө удирдах байгууллагад ажиллаж байсан үе үеийн дарга, тэргүүлэгчид, төлөөлөгчид нийт албан хаагчид та бүхэндээ нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 30 жилийн ойн баярын мэндийг хүргэе. 2023 онд сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож байгаа тул Баян-Өндөр сумтай ажил, амьдрал, сэтгэл зүрхээрээ холбоотой нийт нутгийн ахан дүүс та бүхэндээ сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн мэндийг хүргэж эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. Төрөлх нутаг минь түмнийхээ хайранд, түмэн олон минь төрийнхөө ивээлд мандан бадрах болтугай.
                                                                                                                       ХҮНДЭТГЭСЭН

     БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН
           ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Ж.ДОЛООН-ОД

2022-10-31 15:27:39